Лого

Та товч намтар бичих гэж байгаа бол дараах зөвлөгөөг хүргэж байна

2013 оны 10 сарын 5

Хүний нөөцийн менежерүүд горилогчдын товч намтарт хайр-үзэн ядалт хосолсон хандлагаар ханддаг. Тэдэнд нээлтэй байгаа ажлын байранд тохирох нэр дэвшигчийг олох хэрэгтэй байдаг ч тэд ядмагхан бичсэн хэдэн зуун ажлын намтрыг сөхөн үзэх хэрэгтэй болдог. Хэрэв та хүний нөөцийн менежерт ур чадварынхаа талаар хурдан шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг өгч чадвал та бусад горилогдоос давуу талтай байх болно.  
1. Уйтгартай ажлын жагсаалт бичихээс зайлсхий
Хамгийн нийтлэг гаргадаг алдаануудын нэг бол “Ажлын туршлага” бүлгийг ажлын тодорхойлолт шиг уншигдахаар бичих явдал юм. Зарим нэг ажил хайгчид ажлын тодорхойлолтыг үг үсэггүй хуулан бичдэг. Үр дүн нь тухайн ажлын гүйцэтгэлийн талаарх мэдээлэл байхгүй зүгээр нэг уйтгартай ажлын жагсаалт л байдаг.  

 

2. Өөрийн үнэ цэнээ мэдрүүл
Хүний нөөцийн менежерүүд таныг ямархуу ажилтан болохыг мэдэхийн тулд таны товч намтарыг судалдаг. Хэрэв та урьдын ажилдаа тогтмол үр ашигтай ажиллаж байсан гэдгээ харуулж чадвал та хүсэн хүлээж буй нэр дэвшигчдийн нэг байх болно. Өөрийн гаргасан амжилтыг тодотгож өөрийн үнэ цэнээ батлан харуулах хэрэгтэй.  
3. Амжилтаа тоон хэлбэрээр үзүүл 
Аль мэдээлэл нь илүү их нөлөө үзүүлэх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.
A.  2008-2010 онд сэтгүүлийн борлуулалтыг өсгөж, захиалагдчийн тоог нэмэгдүүлсэн. 
B.  2007 оны 250,000 ам.долларын орлогыг 2008 онд 1.5 сая ам.доллар болгон өсгөж, захиалагчдын тоог 2,500-с  7,000 болгон 3 дахин нэмэгдүүлсэн.  

 

Дээрх 2 тохиолдолд аль алинд нь горилогч орлогыг өсгөж, захиалагчдын тоог нэмэгдүүлсэн гэдгээ харуулахыг хичээж байна. Гэвч В хувилбар нь тэрээр энэхүү амжилтанд хэрхэн хүрснийг илүү сайн харуулж байна. Боломжтой бол ажлынхаа амжилтыг хэмжигдэх нэгжээр илэрхийл.Хүн болгон компанийн тоон үзүүлэлтийг дэлгэн харуулах боломжгүй байдаг. Хэрэв энэхүү мэдээллийг танилцуулах нь компаний нууцтай зөрчилдөж байгаа бол өөрийн амжилтаа харуулах өөр арга замыг хайгаарай. Жишээлбэл, тоон үзүүлэлт бус хувиар илэрхийлж болно.   
 
4.  Амжилттай шийдвэрлэсэн асуудлуудаа оруулан бич
Ta урьдын ажилдаа тулгарсан асуудлуудыг амжилттай шийдэж байсан уу? Амжилттай шийдвэрлэсэн асуудлууд нь таны гаргасан амжилтыг харуулна. Та ямар төрлийн сорилттой тулгарч байв? Уг асуудлыг даван туулж шийдвэрлэхийн тулд та юу хийв? Таны авсан арга хэмжээ, хүчин чармайлтын дараа ямар үр дүн гарав, компанид ямар ашигтай байв? Амжилтуудынхаа жагсаалтыг гаргаж хамгийн шилдэгийг нь товч намтартаа оруул.

 

5. Ажлын үр дүнгээ харуул
Сайн стратеги бол хийсэн ажлын үр дүнгээ бичих явдал юм. Ингэснээр та өөрийн амжилтуудаа харуулж маргашгүй давуу талтай болно. 
Жишээлбэл: Үйлдвэрлэлийн шилдэг хувилбарыг сонгож, бүтээмжийг нэмэгдүүлж, шилдэг борлуулалтын багийг бүрдүүлснээр борлуулалтын 2 сая ам.долларын бууралтыг зогсоож, зах зээлд эзлэх хувиа эргүүлэн олж авсан. 

 

6. Уншицтай болго
Зарим хүмүүс ажил эрхлэлтийн жагсаалтаа харуулахын тулд буллитыг (Word программын сумнууд) ашигладаг. Гэвч энэ нь хийж байсан ажлын үүрэг, гүйцэтгэл зэргийг чинь бүдэгрүүлж байдаг, ингэснээр таны гаргасан амжилтууд бүдэгрэх хандлагатай байдаг. Нөгөө хэсэг нь ажил эрхлэлтийн түүхээ бичихдээ түүж бичиж байгаа юм шиг бичсэн байдаг. Энэ нь ялангуяа гол мэдээллийг олж харахаар товч намтрыг хурдан гүйлгэн хардаг хүний нөөцийн менежерүүдийн хувьд уншихад төвөгтэй байдаг байна.     

 

Харин түүний оронд буллит болон догол мөрийг нэгэн зэрэг ашиглах хэрэгтэй. Урьд нь ажиллаж байсан ажлын байр болгонд нэг догол мөр гаргаж тухайн ажлын байрны үүрэг хариуцлагын хүрээг бич. Дараа нь өөрийн оруулсан хувь нэмрээ буллит ашиглан жагсаагаарай. Энэхүү жагсаалт нь уншигчийн анхаарлыг татах бөгөөд түүний нүдийг түр ч гэсэн хүүрнэл маягийн текстээс амраана. Өөрийн гүйцэтгэсэн ажлуудын жагсаалтаа “Голлох амжилтууд” эсвэл “Чухал гүйцэтгэлүүд” гэх мэтийн гарчгаар эхлээрэй.     

 

7. Туршлагаа зорилгодоо чиглүүл
Товч намтар нь  маркетингийн хэрэгсэл юм. Таны ажил эрхлэлтийн намтар нь таныг одоогийн горилж буй ажлын байранд борлуулж өгөх ёстой. Таны горилж буй ажлын байртай холбоотой амжилтууд дээрээ анхаарлаа төвлөрүүлж, огт хамааралгүйг нь хасаарай.   

 

8. Хүчирхэг үгс хэрэглэ
Бичлэгийн чанар нь таныг ярилцлагад дуудах эсэхэд ихээхэн нөлөө үзүүлдэг. Тиймээс үгээ хянуур сонгох хэрэгтэй. Улиг болсон, нэг хэвийн “ийм тийм зүйлийг хариуцдаг”, “ийм тийм үүрэгтэй” зэрэг хэллэгээс зайлсхийгээрэй.  

 

9. Шударга бай. 
Ажил горилогчдын ихэнх нь өөрийн ажлын туршлагаа товч намтартаа худал мэдүүлдэг гэдгийг судалгаа харуулсан байна. Ажлын туршлага багатай ч шударга, сайн бичсэн  товч намтартай горилогч ярилцлаганд дуудагдана гэдэгтээ итгэлтэй байж болно. Товч намтар бичих шилдэг стратеги бол өөрийн тухай мэдээллийг үнэнээр бичих явдал юм.  


 

Боловсролын талаар дурьдах 
Та Их Сургуулийн магисирын зэрэгтэй байсан ч, дөнгөж сая дунд сургууль төгссөн байсан ч та өөрийн боловсролын бүлгээ ашиглан товч намтараа бусад горилогчдынхоос давуу талтай болгож болно. Та өөрийн боловсролоо танилцуулах хамгийн сайн аргыг мэдэхгүй байгаа бол хэдэн нийтлэг аргачлал танилцуулъя:
Та юуг онцлон илэрхийлэхийг хичээж байна вэ гэдгээс хамааран боловсролын бүлгийг хаана байрлуулах нь шалтгаална.
•    Хэрэв танд горилж буй ажлын байртай чинь холбоотой ажлын туршлага танд байгаа бол эзэмшсэн боловсролынхоо өмнө туршлагаа бичээрэй. Хүний нөөцийн менежерүүд таны боловсролоос илүү таны ажлын амжилт, туршлагыг илүү сонирхоно. 
•    Хэрэв та ажил мэргэжлээ өөрчилж, шинэ ажилд тань хэрэг болох боловсрол эзэмших гээд сурч байгаа бол боловсрол тань эхлээд бичигдэх ёстой. Гол төлөв академик болон шинжлэх ухааны мэргэжилтнүүд боловсролоо туршлагаасаа өмнө бичдэг.     
Дундаж Оноо
Хэрэв та оюутан эсвэл шинэ төгсөгч бөгөөд таны дундаж оноо 3.0 буюу түүнээс дээш бол дундаж оноогоо бичээрэй. Хэрэв та маш их өрсөлдөөнтэй албан тушаал дээр өрсөлдөж байгаа бөгөөд доогуур дундаж оноогтой бол түүнийгээ оруулах эсэх талаар бодож үзэх хэрэгтэй. Хэрэв таны гол мэргэшлийн дундаж оноо таны ерөнхий дундаж онооноос илүү бол түүнийгээ товч намтартаа оруулаарай. 
Шинээр төгсөгчид
Ажлын туршлага багатай оюутнууд болон шинээр төгсөгчид боловсролын хэсгийг өөрсдийн товч намтартаа гол хэсэг болгон ашиглаж түүндээ өөрсдийн эрдэм номын амжилтууд, сургалтын бус үйл ажиллагаа, тусгай төсөл, хамрагдсан сургалтуудаа бичиж болох юм. 
Жишээлбэл:Харилцаа холбооны бакалавр зэрэг, зар сурталчилгаанд тулгуурласан, 2010 оны 12-р сард төгсөнө гэх мэт оруулж болно.
Гол төсөл: Одоогийн байдлаар “Success Factor” компанид зориулсан зар сурталчилгааны компанит ажлыг хийж дуусч байна (зарлалын самбар/хэвлэл/телевиз/радио зар сурталчилгаа, шууд шуудангийн сурталчилгаа, хэвлэлийн мэдээ).
Холбогдох курсын ажил: Зар сурталчилгаа, зар сурталчилгаа бичих, шуудангийн сурталчилгаа ба телемаркетинг, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах сурталчилгааны төлөвлөлт, маркетинг ба зар сурталчилгаа, олон нийтийн харилцаа, радио, телевизээр нэвтрүүлэх.
Ажлын туршлагатай горилогчид 
Хэрэв та боловсролоосоо илүү туршлагадаа найдаж байгаа бол өөрийн боловсролтой холбоотой үндсэн мэдээллийг л оруулж. Үүнд сургуулийн нэр, байршил, боловсролын зэрэг, мэргэжил, огноо орно. 
Дунд сургуулийн талаарх мэдээлэл
Хэрэв танд их, дээд сургуулийн кредит байхгүй бол дунд сургуулийн эсвэл бүрэн дунд боловсролын мэдээллээ оруулаарай. Хэрэв танд их, дээд сургуулийн кредит мэдээлэл байгаа бол дунд сургуулийн талаарх мэдээллээ хасаарай.
Боловсролын чадвар дутагдаад байна уу?
         Зарим нэг ажил гориолгч өөрийн боловсрол нь албан тушаалд тавьсан шаардлагад нийцэхгүй байх гэж санаа зовдог. Хэрэв танд боловсролын зэрэг байхгүй бол одоо хамрагдаж буй сургалт, семинар, курсээ “Боловсрол” бүлэгт жагсаан бичээрэй ("Мэргэжлийн өсөлт" гэсэн жагсаалтыг шинээр бий болгосон ч болно). Албан ёсны боловсролын зэрэг байхгүй ч таны хамрагдсан сургалт гүн сэтгэгдэл төрүүлж болно. Жишээлбэл:    

 

Мэргэжлийн өсөлтийн тодорхойлолт: 
•    Дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн гаргах
•    Цахим худалдааны шийдэл
•    Интернетэд тулгуурласан борлуулалт
•    Бараа эргэлтийг хамтын ажиллагаанд тулгуурлан өсгөх
•    Мэргэжлийн удирдлагын хөтөлбөр
 Ур чадвар хэсэгт анхаарах нь
Та өөрийн товч намтрын “Ур чадвар” хэсэгт оруулах чадварынхаа талаар бодож үзсэн үү? Хэрэв энэ бүлгийг төдийлөн анхаарч үзэхгүй байгаа бол магадгүй та энэ ажилд шаардагдах ур чадвар өөрт тань байгаа гэдгийг ажил олгогдод харуулах боломжоо алдаж байж болох юм.  
Ур чадварын хэсгийг бөглөхдөө таны горилж буй ажилд ямар ур чадвар илүү их чухал байх вэ гэдэг талаар бодох хэрэгтэй. Хамгийн сайн арга бол  “ажлын байр хайх”-аар хайлт хийж, өөрийн сонирхсон ажлын байрны хэд хэдэн зарыг үзэж судлах явдал юм. Ажлын байранд шаардагдаж буй үндсэн шаардлагуудыг нягталж үзээд, хэд хэд давтагдсан ур чадваруудын жагсаалт гарга. Дараа нь товч намтартаа оруулж болох шаардлагад дүйцэх өөрийн ур чадварын жагсаалтыг гарга. Та өөрийн ур чадвараа ажлын туршлага, боловсрол, сургалт, хобби, нийгмийн үйл ажиллагаа, сайн дурын ажил, тэр ч бүү хэл хувиараа сурсан зүйл гээд бүх зүйлсээс хөгжүүлж байдаг гэдгээ сана.   
Ур чадварын гурван төрөл 
•    Ажилтай холбоотой: Эдгээр чадварууд нь тусгай ажил мэргэжилтэй холбоотой. Жишээлбэл, нягтлан бодохын ажилтай холбоотой ур чадварт санхүүгийн төлөвлөлт, төсөв, санхүүгийн тайлан гаргах зэрэг орж болно.
 
•    Хөрвөх чадвартай: Нэг ажил мэргэжил дээр эзэмшсэн ч ондоо нэг ажилд тохирох ур чадварыг хөрвөх чадвартай ур чадвар гэнэ. Эдгээр ур чадварууд нь таныг хэрхэн хүмүүстэй харьцдаг (зааварчлах, удирдах, зөвшилцөх), тоног төхөөрөмжтэй ажилладаг эсэх (машин техник угсрах, ажиллуулах), хэрхэн мэдээлэлтэй ажилладаг (судалгаа хийх, мэдээлэл боловсруулах) зэргийг харуулдаг. 
 
•    Зохицох: Эдгээр нь батлан харуулахад хамгийн хэцүү ур чадварууд юм. Учир нь зохицох ур чадварууд бол таны ажлын хэв маягийг тодорхойлох хувь хүний онцлог, шинж чанаруудыг агуулдаг аж. Зохицох ур чадвар нь найдвартай байдал, хамт олонтой эвтэй байх, шударга зан, бүтээлч хандлага зэргийг багтаадаг.  
Ажилтай холбоотой болон хөрвөх чадвартай ур чадварууд нь товч намтарт хамгийн түрүүнд оруулах ур чадварууд юм. Ур чадвар бүрийнхээ хувьд тухайн ур чадварын түвшин, ажлын туршлага зэргийг оруулж өг. Ур чадварын түвшинг бичихдээ шударга байх нь чухал. Өөрийгөө нарийн мэргэжсэн мэргэжилтэн гэж харуулж болох ч ярилцлага эсвэл ажилд орвол та өөрийн бичсэн зүйлээ батлах хэрэг гарна. Гэхдээ хэтэрхий даруухан байх ч хэрэггүй. Хэрэв та үнэхээр тухайн чадварыг өндөр түвшинд эзэмшсэн бол өөрийгөө нарийн мэргэшсэн гэж тодорхойл.   
Ур чадварын түвшинг үнэлэх:
•    Анхан шат: Тухайн ур чадварыг ухамсарлаж, үндсэн ухагдахууныг нь ойлгодог ч туршлага багатай. 
•    Дунд шат: Анхан шат ба мэргэжилтэн 2-ын хоорондох. Та туршлагатай бөгөөд ур чадвараа харуулж чадна. Гэвч тухайн ур чадварын дэвшилтэт концепцийг ойлгодоггүй.   
•    Мэргэшсэн: Ур чадварын өндөр хөгжсөн түвшин. Танд тухайн ур чадварын туршлага, дадлага байгаа бөгөөд түүний дэвшилтэт концепцийг ойлгодог. Та мэргэшлийн өндөр ур чадвар гаргадаг.  
Ур чадвараа жагсаан бичихдээ хамгийн сайн гэсэн гол ур чадвараа сонго. Богино, зорилгодоо чиглэсэн ур чадварын жагсаалт нь урт, тоо томшгүй жагсаалтаас илүү үр дүнтэй байх болно.   
Товч намтараа нэмэлт мэдээллээр баяжуул
    Та товч намтартаа зөвхөн үндсэн мэдээлэл болох ажлын туршлага, боловсрол, ур чадвар зэргийг оруулаад орхисон бол хангалттай сайн болсон гэж хэлэхгүй. Харин та товч намтартаа мэргэшил болон чадваруудыг тань бататгаж баяжуулах нэмэлт мэдээллийг оруулж болно.  
“Тухайн ажилд ороход танд шаардлагатай ур чадвар, боловсрол, туршлага байгаа гэдгийг  харуулах ёстой. Та мөн бусад горилогчид санал болгоогүй, өөрийн өвөрмөц чанаруудыг харуулах нэмэлт мэдээлэл оруулж өөрийн гэсэн хүчтэй брэндийг бий болгож болно” гэж “Эрчтэй карьер: Хүчтэй хувийн брэнд гаргах 5 алхам” номын зохиолч, Аризона мужийн Чандлер хотын коучингийн компанийн гүйцэтгэх захирал Шерри Томас хэлжээ.    

 

Та товч намтартаа өөрийн бүх ур чадвар, авъяас, чадваруудаа оруулснаар өөрийн хүчирхэг брэндийг бий болгохгүй, гагцхүү тухайн мэдээлэл таны товч намтрыг хүчтэй болгох уу, үгүй юу гэдгийг сайтар бодох хэрэгтэй.   
Гавъяа шагнал 
           Товч намтартаа авч байсан шагналаа оруулснаар та өмнөх ажил олгогч, эсвэл бусад байгууллагууд таны амжилтыг үнэлж байсан гэдийг харуулна. Та, эсвэл танай хамт олон албан ёсны шагнал авч байсан нь таны ур чадвар болон хөдөлмөрийн сайн ёс зүйг батална.     Хэрэв таны шагнал нэг юм уу хоёроор хязгаарлагaдах бол тэднийгээ урьд нь эрхэлж байсан хамааралтай ажлын доор оруулан бичих нь оновчтой.
Тодорхойлолт  
       “Өмнөх ажил олгогчийн тодорхойлолт нь таны гаргасан амжилтууд, хувийн онцлог, мэргэшсэн зүйлсийг тань баталгаажуулж, товч намтар тань илүү итгэл үнэмшилтэй болгодог” гэж  “CareerPro International” компанийн захирал, карьерын зөвлөх  Жуди Фридлер хэлжээ. Тодорхойлолтод ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, тодорхойлсон захиа, тэр байтугай таны ажлын гүйцэтгэлийг сайшаасан албан бус цахим шуудан ч багтаж болно. 
Таныг тодорхойлсон хамгийн сайн ишлэлүүдийг сонгон авч товч намтартаа нэмж бичээрэй. Тодорхойлолтыг урьд нь эрхэлж байсан албан тушаалын дотор байршуулж болно.
Нийтлэл
       Таны ажилтай холбоотой гарсан нийтлэл, ном, блог дахь нийтлэл, илтгэл болон бусад хэвлэгдсэн нийтлэлүүд нь товч намтрыг бусдаас онцлох шилдэг арга юм. “Хэвлэгдсэн нийтлэлийн жагсаалтыг товч намтартаа оруулах нь таныг энэ салбарт мэргэшсэн, хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг харуулна. Тэр байтугай таны өөрөө бичсэн нийтлэл  ур чадварыг тань харуулж чадна.
Ярианы чадвар
  Ямар ч салбарт ажил олгогчид ярианы чадвар сайтай ажилчдыг үнэлдэг. Хэрэв та ямар нэгэн сэдвээр илтгэл тавьж байсан , түүнийг чинь хүний нөөцийн менежерүүд үнэлнэ гэж бодож байвал түүнийгээ товч намтартаа оруулах нь оновчтой.
Хобби 
         Хобби бол төвөгтэй зүйл юм, учир нь зарим хобби ажил төрөлтэй холбоотой бөгөөд сонирхолтой байж болно, харин зарим нь ямар ч холбогдолгүй, горилогчдод бүр хор хөнөөлтэй ч байж болно. Таны хобби ажил олгогчдод таныг сайнаар харуулах зүйл мөн эсэхийг бодолцох хэрэгтэй. Хэрэв тийм бол оруулах хэрэгтэй.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд jobank.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.